Ямар зорилгоор хийгддэг вэ?

Энэхүү шинжилгээгээр сорьц авсан хэсэгт нян, мөөгөнцрийн халдвар авсан эсэхийг илрүүлж, түүнийг эмчлэхэд хамгийн тохиромжтой антибиотикийг тодорхойлно.

Зарим төрлийн халдваруудын үед нян, мөөгөнцрүүд нь тэдгээрийг эмчилдэг зарим эмүүдийн эсрэг тэсвэржилт үүссэн байх ба үүний нэг жишээ нь стафилококк буюу “стаф” юм. Энэ шинжилгээгээр тухайн нянгийн халдварыг эмчлэх хамгийн үр дүнтэй антибиотикийг тодорхойлно.

Хэзээ захиалагддаг вэ?

Нянгийн халдвар авсан гэж таамаглан, сорьц авах боломжтой тохиолдол бүрт. Ихэнхдээ шарх, шээс болон цуснаас дээж авч нян ургуулах/өсгөвөрлөх шинжилгээтэй цуг хийгддэг ч дараах сорьцуудыг мөн шинжилнэ.

  • Чих, Хамар залгиурын арчдас
  • Шээс, бэлгийн замын арчдас
  • Цус, тунгалаг шингэн
  • Өтгөн
  • Үрийн шингэн
  • Нуруу, нугасны шингэн
  • Арьс, салстын шарх, яр, идээ
  • Нүд, салстын арчдас
  • Цэр, уушигны ялгадас
  • Плеврийн, хэвлийн хөндийн шингэн
  • Шүд, буйлны үрэвслийн арчдас
  • Мэс заслын үеийн сорьц гэх мэт

Гэхдээ ихэвчлэн өсгөвөрөөс нэг болон түүнээс дээш эмгэгтөрөгч илэрсэн тохиолдолд антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээг хийнэ. Мөн эмгэгтөрөгч тэсвэржилттэй болж, эмчилгээ үр дүнгүй болох үед ямар антибиотик илүү зохистойг тодорхойлно.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариу ихэвчлэн дараах байдлаар гарна.

  • Мэдрэг /S/ – эмгэгтөрөгчид хориг тавьж, эмчилгээ үр дүнтэй байх магадлал өндөр.
  • Тэсвэртэй /R/ – эмгэгтөрөгчид хориг тавихгүй, эмчилгээ үр дүнгүй байна.

“Мэдрэг” эмүүдээс сонгон эмчилгээг хийнэ. Хэрвээ өвчтөний эмгэгтөрөгч тухайн халдварыг эмчилдэг бүх эмүүдэд тэсвэржилттэй гарсан бол олон антибиотикийг зэрэг бичиж өгнө.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Өсгөвөр болон антибиотикт мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээний сорьцыг ямар нэг антибиотикийн эмчилгээний (antimicrobial treatment) өмнө авбал зохистой. Эс бөгөөс биед шингэсэн антибиотик нь нянгийн ургалтыг дарангуйлж, шинжилгээний хариу алдаатай гарах эрсдэлтэй.

Манай орны хувьд эмийн сангаар түгээмэл зарагддаг антибиотикуудад эмгэг үүсгэгч нянгууд тэсвэржсэн байдаг тул бид Европ стандартын антибиотикуудад мэдрэг чанарыг үздэг. Эдгээрийн эмийн олдоц бага байдаг. Энэ бүхэн нь антибиотикийн замбараагүй, зохисгүй хэрэглээний үр дүн тул антибиотикийг зөвхөн эмчийн заавраар авч ууж занших шаардлагатай.

Нян бол амьд микро-организм тул өөрийн өсөж үржих, хуваагдах хурд, идэвх гэж байдаг. Үүнийг багажаар болон зохиомлоор түргэсгэх боломжгүй. Нян өсгөвөрлөх шинжилгээ уддаг учир нь эдгээр нянг нүдэнд үл үзэгдэх бага хэмжээнээс нүд эсвэл багаж мэдрэх хэмжээний хүртэл колони үүсгэж үржүүлж, олшруулахтай холбоотой байдаг.