Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээ нь умайн хүзүү орчимд хэвийн бус болон БЗХӨ үүсгэгч нян байгаа эсэхийг илрүүлнэ. Танд ямар нэг халдварын шинж тэмдэг илэрсэн эсвэл өөрийгөө бэлгийн замын халдварт өвчин (тухайлбал, заг хүйтэн гэх зэрэг) туссан гэж таамаглаж байгаа бол энэ шинжилгээ танд оношийг тодруулахад тусалж чадна. Мөн эмэгтэйн үтрээнээс арчдас аван нөхцөлт эмгэгтөрөгч нян, мөөгөнцрийг илрүүлэхээс гадна цагаан эс, хучуур эс, салст зэргийг тусгай будагч бодисын тусламжтай микроскопоор харан тодорхойлно.

Хэзээ төлөвлөгддөг вэ?

Жирэмсэн, чихрийн шижинтэй болон антибиотик хэрэглэсэн үеүдэд үтрээний халдвар буюу бактерийн вагинозтой болох магадлалыг ихэсгэдэг.

Дараах шинж тэмдгүүд илэрсэн үед шинжилгээг төлөвлөнө:

  • Үтрээнээс цагаан, ногоон, шар өнгийн өтгөндүү шингэн ялгарах
  • Эвгүй үнэр гарах
  • Загатнах
  • Яр, цэврүү гарах
  • Шээх үед өвдөх
  • Бэлгийн харьцааны үед өвдөх
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
  • Халуурах

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариугаар бэлгийн замын халдвар болон нөхцөлт эмгэгтөрөгч илэрсэн бол эерэг, илрээгүй бол сөрөг хэмээн гарна.Мөн үтрээний цэвэршилтийн зэргийг үзүүлэх тул эмчтэйгээ зөвлөлдөн тохиромжтой эмчилгээг сонгоно.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Зарим тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэггүй тул БЗДХ авсан байх магадлалтай гэж үзэж буй тохиолдолд бусдад халдаахгүйн тулд шинжлүүлж, эрт оношилгоо хийлгэх шаардлагатай. Шинжилгээний хариугаар БЗДХ илэрсэн тохиолдолд бэлгийн хамтрагчаа мөн шинжлүүлбэл зохино.

Удаан хугацаагаар хэрэглэсэн тампоноос бактерийн халдвар авч болзошгүй байдаг.

Сорьц авалтын техник болон өвчний үе шатаас хамааран “цонх үе” таарч уг шинжилгээгээр халдвар илрэхгүй байх боломжтой тул эрсдэлтэй бэлгийн хавьталд орсон тохиолдолд хэсэг хугацааны дараа дахин шинжлүүлнэ.