Хэрхэн шинжлэх вэ?

Энэхүү шинжилгээг үе мөчний хэрх үрэвслийг оношлох болон ижил шинж тэмдэгтэй бусад үрэвслүүдээс ялгахад ашигладаг.

Уг эмгэгийн эхэн үед зарим шинж тэмдгүүд илэрдэггүй ба өөр эмчилгээ шаардагдах эмгэгүүдтэй ижил шинж тэмдэгтэй байдаг тул энэхүү шинжилгээг бусад шинжилгээний хамтаар хийнэ.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Үе мөчний хэрх үрэвслийн шинж тэмдгүүд ажиглагдах үед уг шинжилгээг зөвлөдөг. Үүнд:

  • Өвдөлт
  • Халах
  • Хавдах
  • Үе мөч хөших
  • Арьсан доор зангилаа үүсэх
  • Үе холбоосны гэр хавдаж, мөгөөрс болон яс устах

Шинжилгээний хариу сөрөг гарсан ч, шинж тэмдгүүд байсаар байвал шинжилгээг давтан хийж болно.

Уг шинжилгээг Ц реактивны уураг, цусны улаан эсийн туналтын хурд, цусны ерөнхий шинжилгээ гэх мэт бусад аутоиммуны шинжилгээнүүдийн хамтаар хийлгэх нь илүү үр дүнтэй.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Энэхүү шинжилгээний хариуг өвчтөний шинж тэмдэг болон өвчний түүхийн хамтаар уншвал зохистой.

Үе мөчний хэрх үрэвслийн шинж тэмдгүүд илэрсэн ба ревматойдны факторын хэмжээ тодорхой түвшинд байх нь хэрх үрэвсэлтэй байгааг илтгэнэ. Түүнчлэн ревматойдны факторын түвшин их байх нь илүү хүнд хэлбэрийн үрэвсэл байгааг илтгэнэ.

Ревматойдны факторын шинжилгээний хариу сөрөг гарах нь хэрх үрэвсэлтэй байх магадлалыг бүр мөсөн халахгүй. Хэрх үрэвсэлтэй хүмүүсийн 20% нь маш бага эсвэл шинжлэгдэхээргүй ревматойдны факторын түвшинтэй байж болдог. Энэ үед CCP(Cyclic Citrullinated Peptide) эсрэгбие илрүүлэх шинжилгээг хийнэ.

Эрүүл хүмүүсийн 1-5% нь өндөр ревматойдны факторын түвшинтэй байх ба сүрьеэ, зүрхний эмгэг, ДОХ/ХДХВ, элэгний үрэвсэл, цагаан эсийн хавдар, шимэгч хорхойн халдвар болон элэг, уушги, бөөр зэрэг цуллаг эрхтний эмгэгийн үед шинжилгээний хариу эерэг гарч болзошгүй бөгөөд эдгээр эмгэгийг хянах, оношлоход ашиглахгүй.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хэрх үрэвсэлтэй хүмүүсийн 50-60% нь шинж тэмдэг илэрснээс 3-6 сарын дотор CCP эсрэгбие илэрдэг тул энэ шинжилгээг ревматойдны факторын хэмжээ тодорхойлох шинжилгээний хамтаар хийлгэх нь илүү үр дүнтэй. Хэрх үрэвслийг эрт оношилсноор эмчилгээг нэн даруй эхлүүлэн эдийн гэмтлийг бууруулж болдог.