Хэрхэн шинжлэх вэ?

Энэ шинжилгээгээр цусанд эргэлдэж буй нийт төмөр, төмрийг зөөвөрлөх цусны чадал, эдэд хуримтлагдсан төмрийн хэмжээг тодорхойлно. Мөн цусны улаан эсийн хомсдолын олон хэлбэрийг ялгахад хэрэглэдэг бөгөөд дараах зүйлсийг илрүүлнэ:

  • Ийлдсэн дэхь төмрийн хэмжээ нь цусан дахь төмрийн хэмжээг тодорхойлно
  • Нийт төмөрт холбогдох чадвар тодорхойлох шинжилгээ нь (TIBC) трансферрин гэх мэт төмөртэй холбогддог уургуудыг тодорхойлно. Цусанд төмрийн хэмжээ багасах үед трансферрины хэмжээ ихэсдэг
  • Ханаагүй төмөрт холбогдох чадвар тодорхойлох шинжилгээ (UIBC) нь ханаагүй трансферинны хэмжээг тодорхойлно
  • Трансферрины ханалт нь төмрийн хэмжээ болон TIBC эсвэл UIBC хэмжээний ханасан хувийг илэрхийлдэг
  • Ийлдсийн ферратин нь биед хуримтлагдсан төмрийн хэмжээг олдог; ферратин нь эс дотор төмөр хуримтлуулдаг гол уураг

Төмрийн хэмжээ тодорхойлох шинжилгээтэй хамт хийгддэг шинжилгээнүүд:

  • Гемаглобулин, гематокрит буюу цусны ерөнхий шинжилгээний хэсэг. Аль алиных нь хэмжээ бага байх нь цусны улаан эсийн дутагдлыг илэрхийлнэ. Цусны улаан эсийн дундаж хэмжээ болон улаан эсэнд агуулагдах гемаглобулины дундаж хэмжээг мөн тодорхойлдог. Төмрийн дутагдлын үед, хангалтгүй гемаглобулин ялгарч улмаар цусны улаан эсийн хэлбэр, хэмжээ багасдаг.
  • Ретикулоцитын тоо. Төмрийн дутагдлаас үүдэлтэй цусны улаан эсийн дутагдлын үед ретикулоцитын хэмжээ багасах боловч төмрийн эмчилгээ хийлгэсний дараа хэвийн түвшинд хүрнэ.
  • Уусдаг трансферрины хүлээн авагч тодорхойлох шинжилгээ (sTfR). Үүгээр төмрийн дутагдлаас үүдэлтэй цусны улаан эсийн хомсдолыг тодорхойлж бусад ЦУЭД-с ялгана.
  • Цайрын протопорфирин (ZPP). Протопорфирин нь төмөр агуулдаг гемаглобулины анхдагч хэсэг бөгөөд хангалттай төмөр байхгүй үед цайр гэх мэт өөр төрлийн металл түүнтэй холбогдоно. Төмрийн дутагдлын үед улаан эсэн дэх цайрын протопорфорины хэмжээ ихэснэ.
  • Гемохроматозын генийн шинжилгээ. Энэ нь Кавказуудад ихэвчлэн тохиолддог өвчин бөгөөд бие махбод хэтэрхий их төмөр шингээхэд хүргэдэг. Ихэвчлэн удамшдаг бөгөөд гэдэснээс шингээсэн төмрийн хэмжээнд нөлөөлдөг.

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Цусны ерөнхий шинжилгээний хариу хэвийн бус гарсан, эсвэл төмрийн дутагдлын шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд зөвлөдөг. Үүнд:

  • Архаг ядаргаа
  • Толгой эргэх
  • Сульдах
  • Толгой өвдөх
  • Арьс цонхийх

Ферратин, TIBC, UIBC шинжилгээг архаг төмрийн илүүдэлтэй үед зөвлөдөг. Үүний шинж тэмдгүүд:

  • Үе мөчөөр өвдөх
  • Ядрах, сульдах
  • Энерги дутагдах
  • Хэвлийн орчмоор өвдөх
  • Бэлгийн чадавхи алдагдах
  • Зүрхний эмгэгүүд

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Өвчин Төмөр TIBC/Трансферрин UIBC % Трансферрины ханалт Ферритин
Төмрийн дутагдал Бага Их Их Бага Бага
Гемохроматиз Их Бага Бага Их Их
Архаг өвчин Бага Бага Бага/хэвийн Бага Хэвийн/их
Гемолитик цусны улаан эсийн хомсдол Их Хэвийн/их Бага/хэвийн Их Их
Сидеробластик цусны улаан эсийн хомсдол Хэвийн/их Хэвийн/их Бага/хэвийн Их Их
Төмрийн хордлого Их Хэвийн Бага Их Хэвийн

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Төмрийн хэвийн түвшин нь биед орж байгаа болон алдагдаж байгаа төмрийн тэнцвэрээр зохицуулагддаг. Зохимжгүй хоолны дэглэмийн үед төмөр дутагдаж, улмаар улаан эсийн дутагдалд ордог. Ходоодны шарх, хавдрын үед эсвэл сарын тэмдэг ихээр ирдэг эмэгтэйчүүд төмөр их хэмжээгээр алдаж, илүү ихээр нөхөх шаардлагатай. Хөхүүл эмэгтэй болон бага насны, нярай хүүхдүүд төмрийн дутагдалд илүү өртөмтгий байдаг.

Ийлдсэн дэх төмрийн хэмжээ нь бие төмрийн хэрэглээгээ зохицуулж чадахгүй үед багасдаг. Олон архаг өвчин, хавдар, аутоиммуны эмгэг, архаг халдварын үед биеийн төмрийн хэрэглээ хяналтгүй болдог. Ингэснээр трансферрины хэмжээ багасч, ферратинин ихэсдэг.