Хэрхэн шинжлэх вэ?

Иммуноглобулины (IgG, IgA, IgM) шинжилгээ нь хүний дархлал тогтолцооны талаарх мэдээлэл өгч, эдгээр иммуноглобулины хэмжээнд нөлөөлөх эмгэгүүдийг оношлоход хэрэглэгдэнэ.

Иммуноглобулин буюу эсрэгбие нь сийвэнсэг эсээс үүдэлтэй уургууд бөгөөд биеийн дархлаанд онцгой үүрэг гүйцэтгэж, гадны биетийг устгадаг. Өөрөөр хэлбэл биеийн өөрийн биш аюултай гэж үзсэн бактери, вирүс болон бусад бичил биетүүдийн эсрэг үүсдэг.

Иммуноглобулины эмгэгүүдийг ангилахдаа:

  • Илүүдэлтэй
    • Олон сийвэнсэг эсийн иммуноглобулины илүүдэл
    • Нэг сийвэнсэг эсийн иммуноглобуолины илүүдэл
  • Дутагдалтай
    • Олдмол – гадны нөлөө, өвчнөөс үүдэлтэй
    • Удамшлын – бие организм нэг болон түүнээс дээш олон төрлийн иммуноглобулин ялгаруулж чадахаа болих

Шинжилгээг хэзээ хийлгэх вэ?

Олон давтамжтай үрэвсэл (ихэвчлэн амьсгал болон ходоод гэдэсний замын үрэвсэл) болон дархлааны эмгэгийн үед энэ шинжилгээг зөвлөдөг. Архаг үрэвсэл болон халдварын үед илүү үр дүнтэй ба хяналт тавихад зохимжтой. Мөн илүүдэл иммуноглобулин ялгарч байвал нугас, тархины шингэнээс шинжилж болно.

Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

IgG, IgA, IgМ шинжилгээний хариуг ихэвчлэн хамтад нь уншдаг. Шинжилгээний хариу хэвийн бус гарах нь дархлааны тогтолцоо эмгэгтэй байх магадлалыг илтгэнэ. Энэ шинжилгээг оношилгооны зориулалтаар бус харин тухайн өвчин эмгэг байгаа эсэхийг тодорхойлоход ашиглана.

Иммуноглобулины хэмжээ хэт их байх нь дараах эмгэгийг илтгэнэ:

Иммуноглобулины шинжилгээний хариу Холбоотой эмгэгүүд
Олон сийвэнсэг эсийн иммуноглобулины илүүдэл (IgG, IgA, IgM)
  • Архаг болон цочмог халдварууд
  • Аутоиммуны эмгэгүүд
  • Цирроз
  • Архаг үрэвсэл
  • Хэт мэдрэг дархлаажилт
  • Вискотт-Алдричийн хам шинж
  • Жирэмслэлтийн үе дэх халдвар
Нэг сийвэнсэг эсийн иммуноглобулины илүүдэл
  • Нугасны хавдар
  • Цагаан эсийн хавдар
  • Тунгалгийн хавдар
  • Валденстромын хавдар (IgM)
Иммуноглобулины хэмжээ хэт бага байх нь дараах эмгэгийг илтгэнэ:
Иммуноглобулины нийлэгжилтэд нөлөөлөх гадны нөлөө/эмгэгүүд
  • Фенутоин, карбамазафин зэрэг дархлаа бууруулах эмнүүд
  • Чихрийн шижин, бөөрний эмгэг
  • Нярай иммуноглобулин нийлэгжүүлэх чадваргүй байх
Уургийн дутагдалд оруулах гадны нөлөө/эмгэгүүд
  • Шээсэн дэх уураг алдагдах бөөрний хам шинж
  • Түлэгдэл
  • Уургийн боловсруулалтад нөлөөлөх ходоод гэдэсний замын эмгэг

Удамшлын иммуноглобулины дутагдал нь маш ховор бөгөөд нэг болон түүнээс дээш олон төрлийн иммуноглобулин хангалттай нийлэгждэггүй байна.

IgA түвшин нь амьсгалын замын халдварын үед буурдаг.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Хөхөөр хооллодог нярай хөхний сүүнээс IgA авдаг тул өөрийн эсрэгбие нийлэгжих хүртэл гадны халдвараас хамгаалдаг.

Иммуноглобулины дутагдалтай үед вакцины хариу үйлдэл маш бага байдаг нь биеийг гаднаас хамгаалахад хангалттай эсрэгбие нийлэгжээгүй байдагтай холбоотой.

Ихэнхи лабораториуд эсрэгбиеийг цуснаас шинжилдэг бөгөөд иммуноглобулины дутагдалтай үед хуурамч-сөрөг хариу гарах тохиолдол байдаг.

IgA дутагдалтай зарим хүмүүс anti-IgA эсрэгбие нийлэгжүүлж эхэлдэг. Энэ үед IgA агуулсан цусны сэлбэлт хийвэл тухайн хүнд хариу үйлдэл үзүүлж эхэлдэг.