"Лабораторийн Оношлогооны Дэвшил - 07" сургалт, семинар амжилттай болж өндөрлөлөө

2 жил тутам болдог энэхүү сургалт, семинараар мэргэжилтнүүд маань цуглаж Монгол улсад клиникийн лабораторийн тусламж үйлчилгээг сайжруулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэхэд гарч буй туршлагаасаа хуваалцаж, дэлхий дахинд гарч байгаа дэвшлийн талаар хэлэлцдэг сайхан уламжлалтай билээ. Энэ удаагийн сургалтыг Гялс Анагаах Ухааны төв, Монголын Эрүүл Мэндийн Лабораторийн Ажилчдын холбоо, Менежмент тогтолцооны баталгаажуулалтын Эс Эф Си Эс компанитай хамтран зохион байгуулсан юм.

Тус сургалтаар эмнэлгийн лабораторийн чанарыг хэрхэн ЗӨВ удирдах тухай арга зүйг тогтоосон ISO 15189 олон улсын стандартын талаар болон антибиотикт дасалтай нянгийн тархалтыг хянахад эмнэлэг, эмч, лаборатори бас иргэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд чанарын хяналтын тогтолцоо, антибиотикт дасалтай нянгийн хяналтын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж байгаа Гялс төв ба Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн лавлагаа лабораторийн туршлагаас танилцан ингэснээр цаашид олон лаборатори ISO 15189 олон улсын стандартын итгэмжлэл авах хүсэл эрмэлзэлтэй болж, антибиотикт дасалтай нянгийн тархалтыг хяналтандаа авах ажилд ахиц гарах болно гэж үзэж байгаа юм.

Лекц уншсан багш нартаа Гялс ХХК захирал Н.Наранбат Академич П.Нямдаваагийн Бүтээлийн товчоон цуврал ботийн дээжисээс бэлэглэсэн юм.

Сургалтын дараа зарим лабораторийн мэргэжилтэнгүүд Гялс Анагаах Ухааны Төвийн лабораторитай танилцан туршлага судалсан юм.