ЭБМ хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн 90 мянган хүний шинжилгээний хариу зөв гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоосон байна

Элэгний В, С вирусийн шинжилгээ хийдэг 13 лаборатори шалгалтад бүдэрсэн, 90 мянган хүний олонхынх нь шинжилгээний хариу буруу гарсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ. Тэгвэл энэ мэдээлэл худлаа гэдгийг салбарын сайд нь онцлов. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэлэл “Засгийн газар 2017 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн үр дүн маш сайн байгаа. Одоогийн байдлаар 1.3 сая хүн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдаж, вирустэй эсэхээ тодорхой болгож, эрүүл мэндийн даатгалын сангаасаа хөнгөлөлттэй эм авч, эрүүлжиж байгаа. Энэ үеэр элэгний В, С вирусийг илрүүлэх 22 лабораторийг шалгаруулж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх өгсөн байдаг юм билээ. Эдгээр лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийж ажиллаж, тогтмол хяналттай байсан. Явцын дунд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, “Элэг” төвийн удирдлагууд нэгдсэн ажлын хэсэг байгуулж, үнэлгээ хийсэн юм билээ. Үүний дараа 90 мянган хүний шинжилгээний хариу буруу гарсан гэсэн асуудал яригдаж эхэлсэн. ЭМДЕГ болон лабораторийн мэргэжлийн зөвлөлийнхөн ажиллаж, үүнийг үндэслэлгүй ташаа мэдээлэл гэдгийг тогтоосон” гэлээ.

Түүнээс Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн “Хаппи веритас” лаборатори шаардлага хангаагүй эсэх, хуурамч материал бүрдүүлэн их хэмжээний мөнгө авсан гэх мэдээллийн талаар тодруулахад “Би тухайн үед сайд байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм. Харин ажлын хэсгийнхний зүгээс дэд сайд байсан хүний лаборатори “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт оролцохдоо бүрэн автомат тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр гэрээ хийсэн ч хагас автомат болгон шинэчилсэн гэж байгаа. Хагас болон бүрэн автомат төхөөрөмжийг шинэчлэх тариф нь өөр. Тиймээс өөр асуудлаар санхүүжилт авсан гэдэг асуудал яригдаж байгаа юм билээ. Энэ нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Бусдаар энэ лабораториуд иргэдийн шинжилгээг буруу гаргасан зүйл байхгүй гэдгийг мэргэжлийн байгууллага нь тогтоосон” гэсэн юм.