ЭБМ хөтөлбөртэй холбоотойгоор Гялс ХХК дараах тайлбар мэдээллийг хүргүүлж байна.

Гялс лаборатори олон улсын ISO15189 шаардлага болон Гадаад чанарын хяналтанд хангалттай үнэлгээтэй оролцож байгаа ба өөрийн үйл ажиллагаа, шинжилгээний чанарт баталгаа гарган, эрх бүхий байгууллагад үнэлүүлэх, шалгуулахад нүүр бардам, итгэл дүүрэн байна

Сошиал платформ болон мэдээллийн сайтууд дээр “Элэг бүтэн Монгол хөтөлбөр “ болон түүний хэрэгжилтэд оролцогч эмнэлзүйн лабораториудтай холбоотой мэдээллүүд гарч байгаатай уялдан манай олон харилцагч байгууллага, үйлчлүүлэгчдийн хүсэлтийн дагуу дараах тайлбар мэдээллийг хүргүүлж байна.

Молекул биологийн шинжлэх ухаан бусад биологийн болон анагаахын салбаруудыг бодвол “залуу” шинжлэх ухааны салбар. Үүнд бидний мэдэх PCR буюу Полимеразын гинжин урвалын шинжилгээ багтана. Гялс лаборатори анх 1997 онд үүсгэн байгуулагдаж, одоо 23 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ба Монголд PCR аргаар хепатит вирүсийн нуклейн хүчлийн ачаалал тодорхойлох буюу бидний хэлж заншсанаар “вирүс тоолох” шинжилгээг судалгааны чиглэлээс оношлогооны зорилгоор академич, профессор П.Нямдаваагийн мэргэжлийн чиглүүлэг дор 2009 онд үйлчилгээнд нэвтрүүлж байсан анхны лабораториудын нэг юм. Тухайн үед уг шинжилгээний хэрэглээ, ашиглалт, эмч нарын болон иргэдийн мэдлэг маш хомс, анагаахын сургуульд багш нар зааж, ярьж эхэлж байсан үе билээ.

Тухайн үед олон шат дамжлага, сорьц боловсруулалт, нуклейн хүчил ялгалт, олшруулалт, хяналт, шүүлт, давталт, гар ажиллагаа, уншилт шаарддаг, дадлагажилт, ур чадвар, мэдлэг шаарддаг, “мөрөөдлийн” шинжилгээнүүдийн нэг байсан.

Тэр үетэй харьцуулахад 2017 оноос эхэлсэн ЭБМ хөтөлбөр нь оношлогооны молекул биологийн салбарын Монгол дахь хөгжил, хэрэглээ, ашиглалт болон эмнэлгийн мэргэжилтэн, иргэдийн мэргэжил мэдлэгийг дээшлүүлсэн өгөөж ихтэй хөтөлбөр болсон. Технологи нь ч автоматжиж, хүн буюу шинжилгээ хийж буй ажилтнаас хамаарах хамаарал улам л багасаж байна. Тус хөтөлбөр нь эртнээс яригдаж, олон засгийн газар дамжиж, олон хүний ажил үйлсээр бүтсэн. Харин зарим нэг хувь хүмүүс, байгууллага уг хөтөлбөрийг өмчилж, өөрийн нэрийг гаргах гэснээс олон зөрчил, сөргөлдөөн үүсч байгаа нь харагдаж байна.

Клиник буюу эмнэлзүйн Лаборатори гэдэг бол хэмжил зүйн салбар. Клиник Хэмжилзүйн үр дүн гэдэг бол маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг: сорьц цуглуулах, сорьц тээвэрлэх, сорьц хадгалах, сорьц боловсруулах, шинжилгээ хийж буй ажилтнаас хамаарах ур чадвар, дадлагажилт, бэлтгэл, ашигласан багаж төхөөрөмж, анализатор, хэмжих төхөөрөмж, түүний тохиргоо, үйлчилгээ, цэвэрлэгээ, угаалга, арчилгаа, багажинд ашиглах урвалж, оношлуур, түүний хадгалалт, мэдрэг байдал, өвөрмөц байдал, олон улсын чанарын шаардлага хангалт, шинжилгээ баталгаажуулалт, эргэн хяналт, шинжилгээ хийж буй орчин, байр, температур, чийгшил гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Дээр нь эдгээр нөхцөл байдал нэг дор зөвөөр бүрдэж буй эсэхийг үнэлэх олон шалгууруудын нэг шалгуур нь гадаад болон дотоод хяналтын шинжилгээ байдаг. Эдгээр техникийн болон удирдлагын шаардлага буюу чанарын үзүүлэлтийг ISO15189 гэдэг олон улсын стандарт мөрдүүлдэг ба Гялс лаборатори 2014 оноос бэлтгэн , 2018 онд магадлан итгэмжлэгдэж тус стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн хамгийн анхны хувийн хэвшлийн лаборатори болсон. Энэ тогтолцоог авч явахын тулд 120 хүн Гялс лабораторид ажиллаж байна.

Хэмжилзүйн лаборатори гэдэг маань дээрх олон хувьсах фактороос шалтгаалаад байнга динамик байдаг тогтолцоо. Энэ тогтолцоо хадгалагдаж байгааг нягтлах олон шалгуурын зөвхөн нэг нь л Гадаад чанарын үнэлгээ (ГЧҮ) буюу ур чадварын сорил. Эдгээр фактор байнга хувьсах тул гадаад чанарын хяналтыг тогтмол, байнга, тодорхой давтамжтай гүйцэтгэх ёстой ба зөвхөн молекул биологи ч биш, бүх төрлийн шинжилгээнд тавигдах нэгдсэн шаардлага юм. Өөрөөр хэлбэл гадаад хяналтын шинжилгээнд нэг удаа “тэнцсэн” бол насан туршдаа “тэнцсэн”, эсвэл нэг удаа “тэнцээгүй” бол хэзээ ч “тэнцэхгүй” гэсэн үг биш. Эсвэл ГЧҮ-д “тэнцсэн” бол бүх шинжилгээ нь үнэн зөв, “тэнцээгүй” бол бүх шинжилгээ нь буруу ч гэсэн үг биш. Ер нь ГЧҮ-нд “тэнцэх, тэнцэхгүй” гэсэн хариу, үр дүн аль ч олон улсын туршлагад байдаггүй. Хамрагдсан олон улсын лабораториудаас статистик дундаж гарган, стандарт хазайлтыг тодорхойлж, хүлцэх хэмжээнээс хэр хол хазайсныг тодорхойлдог.

Лабораторийн чанарын тогтолцоо өндөр хөгжсөн орнуудад ГЧҮ-ийг лабораторийг шийтгэх, торгох, хаах систем болгож хаана ч хэрэглэдэггүй. Эсрэгээрээ хазайлт гарсан шалтгааныг цаг алдалгүй тодорхойлж, шалтгааныг арилгах системт төлөвлөгөөт арга хэмжээ авах, лаборатори хөгжих, үйл ажиллагаа нь сайжрах нөхцөл болдог. Ийм асуудал зөвхөн монголд биш, дэлхийд дахинд гардаг. Бидний магтдаг Япон, Герман, АНУ, Солонгос зэрэг бүхий л улсуудад хэрэгждэг тогтолцоо билээ. Дэлхийн аль ч улсад, ямар нэгэн фирмийн анализаторыг онцлон 100% зөв буюу үнэн гэсэн ойлголт байдаггүй. Харин үнэн магадлал хамгийн ойрхонд дөхүүлэх бүх аргыг хэрэглэдэг. Жишээ нь: Таны жин хэмжүүр дээр 50 кг гэж гарсан ч үнэндээ 50 кг биш байдаг. Тухайн жингийн бүтэц, тохиргоо, шалны байдал, чийгшил гээд олон зүйлээс 49.9- 50.1кг ч юмуу байх боломжтой. Түүнийг бид магадлан, шалган тохируулга хийж, эталон туухайгаар нэгж дамжуулалтыг хангадаг. Жингийн эталон туухай дэлхийд ганцхан Парис дахь Олон улсын Жин, Хэмжилтийн товчоонд хадгалагдах жишээтэй. Түүнээс бид нэгж дамжуулан хэмжих төхөөрөмжүүдийг бүтээдэг.

Бидний лабораториор 1 сая гэж тоолоод байгаа вирүс маань үнэндээ 1 сая биш байх боломжтой. Хүлцэх хэмжлийн зөрүү буюу хазайлт нь аравтын +, - 1 логарифм суурь байж болно гэж олон улсын судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл 1 сая гэдэг маань 100,000-10,000,000-ийн хооронд вирүсийн нуклейн хүчил олширсон гэсэн үг. Тийм учраас нэг удаагийн шинжилгээнээс илүү хэдээс хэд болж буурсан, эсвэл өсч байгаа нь илүү клиникийн ач холбогдолтой байдаг. Харамсалтай нь манайд ингэж хөдлөл зүйг нь хангалттай тайлбарлаж чадахгүй байна.

Тэгэхээр ГЧҮ бол лаборатори сайжруулах, чадавхижуулах үндэс байх ёстой. Жишээ нь Монголд 10 гаруй жил хэрэгжиж буй японы СИСМЕКС корпораци болон Улсын 3-р эмнэлэг хамтран эхлүүлж байсан Гематологи, Биохимийн чиглэлийн үндэсний ГЧҮ-ийн МИКАС гэж хөтөлбөр байдаг. Одоо болтол хэрэгждэг. Тэр хөтөлбөр хэрэгжиж эхэлж байхад анх хувийн болон улсын лабораторуудын гематологийн болон биохимийн автомат анализаторуудын хазайлт буюу хэлбийлт + болон – утга руугаа маш их савалгаатай байсан. Үүнтэй холбоотой маш их сургалт, уулзалт, хичээл, чиглүүлэг хийсний үр дүнд, одоо үндэсний хэмжээнд лабораториудад савалгаа, хазайлт маш бага болсон тайланг харж болно. Энэ л ГЧҮ-ийн гол зорилго. Тэрнээс Д. Наранбаатар физикчийн ярьж байгаа шиг лаборатори устгах систем биш.

“Гялсын” хувьд Австралийн NRL, Английн RIQAS, ба Үндэсний лавлагаа лабораториудын ГЧҮ-д шинжилгээнүүдийн 150 орчим параметр тогтмол хамруулж оролцон, хянаж явдаг. Дээр нь ЭБМ хөтөлбөр эхэлснээс хойш манайд 20 шахам хөндлөнгийн шалгалт, үзлэг, ажиглалтууд ирж хийгдсэн. Бүгд л хангалттай, сайн үнэлгээтэй байсан. ДЭМБ-ийн Австрали мэргэжилтэн манай программ хангамж болон сорьц цуглуулах системийг Австралид нутагшуулах хэрэгтэй гэж хүртэл үнэлж байсан.

Яригдаад байгаа “28 лабораторид хийсэн шалгалт” -ын дараа бид тус ГЧҮ-ний хариунд эргэлзэн, Австралийн NRL хөтөлбөрөөр Хепатит Бэ Вирүс (HBV) болон Хепатит Цэ Вирүсийн (HCV)-ээр нийтдээ 2 удаа орж, ХӨСҮТ-ээс зохион байгуулсан Үндэсний хөтөлбөрт 1 удаа орж, хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэдэг дүгнэлт, гэрчилгээгээ гардаж авсан.

Гялс лабораторийн хувьд өөрийн лабораторийн тогтолцоог авч явахын тулд 120 ажилтны тусламжтай ISO15189, ISO9001 стандартууд болон олон улсын ГЧҮ-д тогтмол хамрагдан ажилладаг. Харин тэр бүр олон улсын ГЧҮ- д хамрагддаггүй, бусад наад захын шаардлага хангаж ажилладаггүй, хэрэглэгчдийн эрх ашиг, эрүүл мэнд, цаг хугацаа, санхүүд хохирол учруулдаг лабораториуд байгааг үгүйсгэхгүй.

Сэтгүүлчид болон мэдээллийн хэрэгслүүд маань энэ асуудлыг хөндөж, олонд сонордуулж байгаад баяртай байна. Гэхдээ сэтгүүлзүйн салбарынхан маань аливаа мэдээллийг нийтэд түгээхдээ нийгмийн сэтгэл зүйг харгалзан үзэж, ул суурьтай, судалгаатай ханддаг байгаасай гэж хүсч байна. Мөн иргэд маань ч гэсэн сошиал болон бусад мэдээллийн сувгуудаар гарч буй иймэрхүү иргэдийг турхирсан болон улс төрийн ашиг сонирхолтой ч байж болох мэдээлэлд хууль хяналтын болон эрх бүхий байгууллагууд нь зохих хяналт тавьж үнэн мөнийг тодруулж албан ёсоор мэдэгдэл хийтэл хэт туйлширч, сэтгэл хөдлөлд автахгүй хүлээцтэй хандахыг хүсье.

Цаашид манай байгууллагын нэр хүндэд иймэрхүү хэлбэрээр халдсан болон манайхыг сонгон үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид болон ажилчдын тав тухыг алдуулсан мэдээлэл гаргасан талуудтай бид хуулийн дагуу хариуцлага нэхэх болохыг үйлчлүүлэгчид болон ажилчиддаа амлаж байна.

Лабораторийн салбарын чанарын тогтолцоог сайжруулахын тулд лабораториудыг ISO15189 стандарт хангуулан ажиллуулах, олон улсын болон үндэсний ГЧҮ-д тогтмол хамрагддаг/жилд 1 удаа биш/, үндэсний ГЧҮ эрхлэх лабораторийг ISO17043 стандарт хангуулах, олон лаборатори хамрагдахын тулд түүнийг зардлыг бууруулах, ЭМЯаас санхүүжилт төсөвлөх, салбарын мэргэжлийн холбоодод мэргэжлийн хяналт, зохицуулга, сургалт, чадавхижуулах эрхийг шилжүүлэх гэх мэт олон цогц арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа нь харагдаж байна.

Эцэст нь Гялс лаборатори өөрийн үйл ажиллагаа, шинжилгээний чанарт баталгаа гарган, эрх бүхий байгууллагад үнэлүүлэх, шалгуулах, иргэдэд үзүүлэхдээ нүүр бардам, итгэл дүүрэн байна.

Бидэнд итгэн сонгон үйлчлүүлдэг үйлчлүүлэгч нартаа баярлалаа. Бид улам хичээн ажиллах болно.

Энх явж, мөнх жаргаарай

Н.Наранболд

Ерөнхий менежер, Гялс ХХК

Хүний Их эмч, вирүслогич, эс судлаач