Цусны донорын дэлхийн өдөр - 2019

Өнөөдөр "Цусны донорын дэлхийн өдөр". 2005 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын өдөр" болгон тэмдэглэж ирсэн билээ. Харин манай улсын хувьд энэхүү өдрийг 15 дахь жилдээ "Аюулгүй цусыг хаана ч, хэнд ч..."уриан дор тэмдэглэж байна.

Цус цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал манай улсад элэг шилжүүлэн суулгах нэг хагалгаанд дунджаар 100 гаруй, төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд жилд дунджаар 5000 гаруй, түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй донорын цус хэрэглэгддэг бол осол гэмтлийн улмаас 5000 гаруй хүний өгсөн цус тус тус хэрэглэгддэг гэсэн статистик тоон мэдээ байна.Эдгээр тоо баримтаас харахад цусны донорын үйлс нь яах аргагүй бүх нийтийн үйл хэрэг болохыг илэрхийлж байна.Хөгжиж буй орнуудын хувьд 1000 хүн тутамд 15 нь цус өгөлттэй байж тухайн улсынхаа цусны хэрэгцээг хангана гэсэн ДЭМБ-ын зөвлөмж байдаг. Энэ утгаараа донорын эгнээг өргөжүүлэх асуудал ЭМЯ, Цусны албанаас гадна төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж иргэн бүрт хамааралтай юм. Иргэн таны өгсөн цус 3 хүнд амьдрал бэлэглэнэ. Иймээс хүн бүр донорын эгнээнд нэгдэцгээе.